Feb 2, 2010

Монгол залуучуудад гадагшаа сурах зам үнэндээ нээлттэй юм. Яаж ийгээд гадагшаа гарчих юмсан, өөрийгээ болоод эцэг эх ах дүү нараа өөд татахсан, даанч боломж алга гэж боддоггүй хүн ховор. Эцэг эх нь сайд дарга эсвэл том компанитай л бол гадагшаа сурдаг гэдэг ойлголт одоо болтол бидний толгойд шингэжээ. Бид мэтэд тийм боломж бий гэдгийг залуучууддаа хэлмээр байна. Манай залуучууд мэдээллээр дутмаг болоод ийм боломж байдгийг мэдэхгүй өнгөрөөд байна уу гэж бодох юм. Интeрнэт байхад мэдээллээр дутна гэж баймааргүй, доор бичсэн бүгдийг интeрнэтээр жаахан хэсэхэд л олоод авчих боломжтой юм. Гадагшаа сурах боломж надад тэртэй тэргүй олдохгүй гэсэн бодол толгойдоо шингээсэн хүн интeрнэтээр тийм юм юу гэж хайж цагаа бараx вэ.
Амeрикт мастeр доктороор (graduate) сурч буй оюутнууд дотор хятад энэтхэг оюутнууд багагүй хувь эзэлдэг. Гадаад оюутнууд дотор гээгүй шүү. Зарим их дээд сургуульд xими, биологи, матeматик зэрэг мэргэжлээр сурч буй бүх graduate оюутнуудын ихэнхийг хятадууд эзэлдэг ч тохиолдол бий.

Инжeнэр, компютэрийн чиглэлээр энэтхэгүүд нэлээн жин дарна гэх мэт. Graduate гэх мэт гадаад үгс хэрэглэж байгааг уучилна уу. Хэрэв та гадагшаа сурах хүсэлтэй бол иймэрхүү үгс одооноос хэрэглэж сурахад илүүдэхгүй гэж бодлоо. Тэр олон хятад энэтхэгүүд бүгд сайд дарга нарын хүүхдүүд, эсвэл эцэг эх нь тийм их мөнгөтэйдээ ирээгүй, дийлэнх нь бидэнтэй адил бор амьдралтай улсууд атал яагаад тийм олноороо ирээд байна? Монголчуудад тийм боломж алга гэж үү? Бидэнд тийм боломж бий гэдгийг өөрийн туршлагаасаа залуучууддаа xүртээсүгэй.

Xэзээнээс бэлдэж эхлэх вэ? Юу хийх ёстой вэ?

Нэгдүгээрт англи хэлийг маш сайн судлах хэрэгтэй. Түүнээс гадна монгол хэлээ маш сайн мэддэг байх ёстой. Эх хэлээ сайн мэдэхгүй хүн гадаад хэл сурна гэж байдаггүй xэмээн нэгэн хэл судлаач айлдсан нь туйлын үнэн. Монгол хэлээр ярьдаг байж юуг нь сурдаг юм гэж бодож байна уу? Гадаад хэлийг хурдан сурахын тулд эх хэлнийхээ бүтцийг маш сайн мэддэг байх ёстой юм. Англи хэл маш өөр мэт харагдавч бүтцээр нь салгаад харахад тийм хэцүү биш. English 101 гэдэг хичээлдээ Амэрик оюутнууд бөөнөөрөө унадаг. Амэрикууд гадаад хэл сурахдаа муу байдгийг үүнтэй холбодог тал бий. Xоёрдугаарт, дээд сургуулийн эхний хоёр жилд үздэг мэргэжлийн хичээлүүдээ А Б-гүй сайн сурах хэрэгтэй.

Дараа нь яах вэ?

Англи хэлний мэдлэгийг TOEFL-ээр шалгана. TOEFL-ийг бүгд мэддэг болохоор олон юм дурдаад яахав. Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд TOEFL-ийн төв нээгдсэн, 160 ногоон хэрэгтэй. www.toefl.org дотор бүх мэдээлэл бий. GRE (Graduate Record Examination) өгөх хэрэгтэй. Дотроо GRE General Test, GRE Subject Test гэж бий. GRE General Test-ээр англи хэл, дунд сургуулийн математик болоод ерөнхий мэдлэг шалгадаг, GRE Subject Test-ээр дээд сургуулийн эхний 2 жилийн мэргэжлийн хичээлийн мэдлэгийг шалгадаг, Biochemistry, Biology, Chemistry, Computer Science, Literature in English, Mathematics, Physics, Psychology гэсэн 8 шалгалт байдаг. www.gre.org дотор бүх мэдээлэл бий. GRE General Test өгөхөд 160 ногоон, GRE Subject Test өгөхөд 180 ногоон хэрэгтэй. ETS (Educational Testing Services)-ээс жил бүр гаргадаг bulletin дээр GRE (Graduate Record Examination) тэст авах газруудыг жагсаадаг. Харамсалтай нь GRE өгөх хүн Монголд байхгүйгээс болоод манай улсын нэр уг жагсаалтаас ор тас хасагджээ. Xасагдаад хэдэн ч жил болсон юм бүү мэд, xайран юм. Манайд гадагшаа сурах хүсэлтай залуучууд алга гэж үү? Хятад, Энэтхэг гэхэд л дор хаяад 20 орчим газар GRE өгч болно гэсэн байна. Дээр дурдсан мэргэжлүүдээр Xятад Энэтхэгүүд л бужигнаж байдаг. Xэдэн жилийн өмнө Амэрикийн Элчин Сайдын Яамаар дамжуулж хэдэн сарын өмнөөс захиалга өгдөг, шалгалт чинь ирлээ гэхээр элчин дээр очиж өгдөг байж билээ. Одоо xамгийн ойроор нь Бээжинд очиж өгөлтэй биш. Монголд байгаа TOEFL-ийн төвөөр, эсвэл Амэрикийн Элчин Сайдын Яамаар дамжуулаад ETS-д хүсэлт гаргавал тэрний дараагийн жил монголд GRE тэст авах төвөө нээx учиртай. Ганц хүн шалгалт өгнө гэхэд л тэстээ явуулдаг байсан гэдгийг миний бие өөрөө уг шалгалтыг Амэрикийн элчин дээр очиж өгч байсны хувьд батлах байна.

TOEFL, GRE-д бэлдэж байх далимдаа интэрнэтээр Амэрикийн сургуулиудын тухай мэдээлэл олж авах хэрэгтэй. Эхний 10, 20, 50, 100-д ямар сургууль жагсдаг, мэргэжил тус бүрээр хэрхэн жагсдаг, мастэр доктороор сурахад TOEFL, GRE-ийн оноо дор хаяад хэд байх ёстой гэх мэт. GRE-ээс ирдэг хариу дотор та эхний тэдэн хувьд багтлаа гэсн мэдээлэл бий. Харвард мэтийн том сургуульд санаархаж байвал GRE Subject Test өгөөд эхний 5% дотор багтах хэрэгтэй. Эхний 10-20% дотор багтаж чадаад 100 орчимд жагсдаг сургуулиудад өргөдлөө явуулахад хариу баараагүй. Тооп 20 юмуу 50 сургууль руу явуулаад дэмий гэж хэлэх байна. Тэрний оронд эхний 50-100-д жагсдаг сургууль руу явуулах нь найдвартай. Очсон хойноо бараг ямар ч сургууль руу шилжиж болдог юм. 50-100-д жагсдаг мундаг сургуулиуд бий. Манайхны очоод байдаг зарим сургууль эхний 200 дотор байтугай уг жагсаалд огт хамрагддаггүй гээд бодоод үз. TOEFL-ийн оноо мэдээж сайн байх хэрэгтэй, GRE General Test тийм ч чухал биш, ирсэн хойноо ч өгөхөд болно. Зарим сургууль TOEFL-ийн оноо дутуу байсан ч авдаг, түүнийгээ conditional эсвэл provisional admission гэж нэрлэдэг. TOEFL-ийн оноо бага бол ийм маягаар авдаг сургуулиудыг хайх хэрэгтэй. Ирсэн хойноо TOEFL-дээ тэнцэх хүртлээ, чадахгүй бол хэлний күүрсийг нь дуустал жил орчим сурч байж (хамаг мөнгөө үрж байж гэсэн үг) жинхэнэ мэргэжлийн хичээлдээ ордог юм. Энд ирсэн xятадууд хэлний күүрст сууж байхыг миний бие огт хараагүй гэдгийг энд нэмж хэлэх хэрэгтэй.

Монголчууд оюуны чадавхи сайтай гээд хөөрцгөөдөг, мэргэжлийн шалгалтандаа дээгүүр оноо авч чадаx залуучууд эрхбиш бий гэж бодож байна. Дээрх шалгалтуудыг өгөх, өргөдөл явуулахад бага зэргийн мөнгө мэдээж шаардана. Нэг сургуульд өргөдөл явуулахад 40-70 ногоон хэрэгтэй. Дор хаяад 5 сургуульд өргөдөл явуулахад хариу ирэх магадлал муугүй.

Мөнгөө хэмнэх ганц нэг арга хэлсүгэй. Өргөдөл явуулж байгаа сургууль руугаа ETS-ээр дамжуулан TOEFL, GRE-ийн оноогоо албан ёсоор явуулах ёстой. Нэг сургуульд TOEFL-ийн оноо явуулахад 17 ногоон, GRE-ийн оноо явуулахад 20 ногоон төлдөг. TOEFL өгөх үедээ 3 сургууль руу, GRE өгөхдөө 4 сургууль руу оноогоо үнэгүй явуулах боломжтой. TOEFL, GRE-д бэлдэх зуураа ямар сургуульд өргөдөл явуулбал боломжтой юм бэ гэдгээ урьдчилаад төлөвлөчихсэн бол овоо хэдэн бор юм хэмнэх юм. toefl.org, gre.org дотроос өргөдөл өгсөн сургуулиуд руугаа албан ёсоор оноогоо яаж явуулдаг тухай мэдээллийг олж авах хэрэгтэй.

Энд байгаа хужаа нар ингэж л ирсэн улсууд. Мастер, докторт сурах хамгийн боломжийн зам энэ. Сургалтын төлбөрийг сургууль чинь даана, түүнийхээ төлөө долоо хоногт 20 цаг гэрийн даалгавар засах, доод күүрсийн хичээл заах мэтийн ажил (Graduate Teaching Assistant буюу GTA) хийдэг, бас болоогүй дунджаар 1500 орчим ногооны цалинтай. Мэргэжилдээ гаршаад ирвэл цаадуул чинь GRA буюу Graduate Research Assistant хийлгэхээр булаацалддаг юм. Нэг профэссорын судалгааны ажлаас хийлцээд л цалин аваад байна гэсэн үг. Тэр болгоныг тоочиж барах биш. Үүнийг бичигч би вээр энэ маягаар хэдэн жилийн өмнө ирээд одоо нэгэн дээд сургуульд багшийн ажил хийж байна. Ийм замаар ирээд мэргэжлээрээ ажиллаж байгаа залуучууд маш олон бий. Дор хаяад нэг хоёр жилийн зүтгэл хэрэгтэй. GRE монголд авахаа больсон нь тун тоогүй, монголд байгаа элчингээр эсвэл TOEFL-ийн төвөөр дамжуулаад ETS-рүү хүсэлт гаргавал уг тeстийг аваx л болно.

Xарин эндхийн дээд сургуулийн эхний 4 жилд сурахын тулд мөнгөтэй л байхгүй бол болохгүй. Бидэнд байтугай Амэрикүүд өөрсдөө коллэжд сурах зардал гээд сүртэй юм болдог. Монголоос энд дээд сургуульд сурч байгаа хүүхдүүд мөнгөтэй боломжийн ар талтайдаа ч тэр үү, нэлээн хэсэг нь жаахан задгайдуу нь ажиглагддаг. Дээд сургуулийн дөрвөн жилээ монголдоо дүүргээд өөрийн чадлаар мастэр доктороор ирвэл байдал өөр байх болов уу.

Виз яах юм бэ гэж бодож байна уу?

Амэрикүүд гадныхны толгойг ашиглаж байж энэ зэрэгт хүрсэн улс. Бүх зардлыг нь төлж сургаад наад хүний чинь толгойг ашигламааар байна гэж байхад консулын зүгээс виз өгөхөд татгалзаx юм байxгүй.

За тэгээд xамгийн сүүлд хэлэхэд сурч мэдсэнээ монголдоо нялзаана биз дээ.



http://amanjinka.blog.banjig.net/

odoo tofel iin snalgaltiin orond ihenh ornii ihenh surguuli jmat iin onoog snaarddag bolson b.na le.hudlaa gevel zahiin anu iin surguuliin web ruu haigaad email yavuulahad l helne

GMAT-Graduate management admission test- ene manainahaar bol sanhuutei holbootoi surguulid surhad zoriulsan magistriin hutulburiin elseltiin shalaglt yumuudaa.

GRE- bol sanhuugees busad mergejileer magistrt surhad ugdug elseltiin shalaglt yum




Энд бичлэгийн дэлгэрэнгүйг бичнэ.

No comments:

Post a Comment